// October 20th, 2008 // 4 Comments » // broadcasting :D
Сансар халуун металл, гагнуурын утаа, шарсан бифштексийн үнэртэй гэнэ. Английн “Сан” сонинд бичсэнээр, Америкийн эрдэмтэд Британийн үнэртэй ус үйлдвэрлэдэг “Омега ингридиентс” пүүсийн шинжээч Стивен Пирстэй хамтран ийм дүгнэлт хийсэн байна. Задгай сансарт гарч ажилласны дараа өмсгөлөөс гардаг үнэрийн талаар тэд сансрын нисэгчидтэй хамтран нарийн шинжилгээ хийж байгаа ажээ.
Пирс энэ оны долдугаар сард сансрын “Мир” станцын элдэв үнэрийн нэгийг уран сайхны үзэсгэлэн дээр нэгэнт танилцуулсан байна.
“Сансрын нисэгчдийг өмсгөл, дуулгаа тайлахад, тэднийг маш содон үнэр хүрээлээд авдаг байна. Бид хамтдаа “шарсан бифштексийн” үнэрийг тэр дор нь ялгаж таньсан гэж Пирс ярьжээ. Харин “халуун металлын” үнэрийг тогтооход нэлээд их хугацаа шаардагдсан байна. Шинжээчийн хэлснээс үзвэл, энэ үнэр нь “молекул дахь их эрчим хүчний чичиргээтэй” холбоотой ажээ.
НАСА дэлхийн нөхцөлд сансрын нисэгчдийг бэлтгэх үүднээс сансрын “өвөрмөц үнэрийг” Британийн шинжээчийн туслалцаатайгаар гаргаж авна хэмээн найдаж байна.