Эрнесто Че Геварийн төрсөн нутаг Росарио хотод түүний нэрэмжит талбайд босгох дөрвөн метр өндөр хүрэл хөшөөг хөлөг онгоцонд ачиж “цогт хувьсгалчийн” нутаг руу өчигдөр орой Буэнос-Айресээс явуулав.
Уг хөшөө Парана мөрнөөр 300 гаруй километр зам туулна. Хөшөөг зургадугаар сарын 14-нд Эрнесто Гевара де ла Сернийн төрсний 80 жилийн ойн өдөр баяр ёслолын байдалтай нээнэ.
Хөшөөг усан замаар хүргэж байгаа нь учиртай гэж хөшөөний төслийг зохиосон Буэнос-Айресийн барималч Андрес Сернери хэллээ. Юу гэвэл, Че Гевара эхийнхээ гэдсэнд байхдаа Мисьонес мужаас Росариод очиж, эх нь түүнийг хугацаанаас өмнө төрүүлжээ.
Хөшөө бүтээхэд гурван тонн хүрэл шаардагдсан. Дэлхийн нутаг бүрээс 14 мянга гаруй хүний өгсөн хувийн хүрэл эдлэлээр /түлхүүр, хонх, лааны суурь - нийтдээ 75 мянга орчим зүйл/ хөшөөг цутгажээ. Өргөсөн хандив дотор өнгөрсөн зууны 30-аад онд анархистуудын хийсэн гар хийцийн бөмбөгний гадар, бас Аргентинд бий болсон анхны микроскопын тасархай гээд сонирхолтой зүйлс бий гэж Сернери хэллээ.
“Тайм” сэтгүүл Че Геварыг “20 баатар, бурхан”, “ХХ зууны зуун чухал хүн”-ий жагсаалтад оруулжээ.
Montsame.