10th Apr, 2008

Montsame

Хоёр гаргүй жолооч
ГОНКОНГ /СЯНГАН/. Хятадын Ганьдун мужид даац хэтрүүлсэн ачааны машиныг шалгахаар зогсоосон цагдаа нар багагүй гайхацгаажээ. Тэд машины бүхээ рүү өнгийхөд насандаа жолооны үнэмлэх авч байгаагүй хоёр гаргүй жолооч сууж байхыг харсан байна гэж Гонконгийн “Стандард” сонинд бичжээ. Би бүр 12 настайдаа салют буудуулж байгаад хоёр гаргүй болсон ч энэ нь машин барих миний хүсэл сонирхолд саад болоогүй юм гэж Жан овогт энэ жолооч ярьсан байна.

Эмэгтэйчүүд ээ, нөхөрт бүү гар
НЬЮ-ЙОРК. Эрхэм эмэгтэйчүүд ээ, та нар амрах, биеэ тордох, найз бүсгүйчүүдтэйгээ хамт дэлгүүр хоршоогоор явахыг хүсч байгаа бол нөхөрт бүү гараарай. Мичиганы их сургуулийн социологчдын явуулсан судалгааны дүнг үндэслэн иймэрхүү зөвлөгөө өгч болохоор байна. Нөхөрт гарсан эмэгтэйчүүд гэр орны элдэв ажилдаа нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг бодвол долоо хоногт долоон цаг илүү зарцуулдаг байна.

“Мөнхийн рашаан” гаргаж авчээ
СЕУЛ. Өмнөд Солонгосын хэсэг эрдэмтэн “мөнхийн рашаан” гаргаж авсан тухайгаа зарласан байна. Тэд амтат гуанаас хорт хавдар өвчнийг эмчлэх болон хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд хэрэглэж болох ликопин гэдэг бодисын бүрдэл хэсгүүдийг гаргаж авчээ. Солонгосчуудын боловсруулсан энэ үл исэлдүүлэгчийг гаргаж авсан арга нь улаан лоолинд агуулагддагаас ч илүү их хэмжээний ликопитин авах боломж олгож байгаа гэнэ.

Өдөр бүр хундага архи…
РОМ. Италийн хамгийн ахмад настай эмэгтэйчүүдийн нэг Анна Монти буюу “Анна эмээ” өнгөрсөн ням гаригт тус орны умард нутгийн Черноббио гэдэг жижигхэн хотод 110 настайдаа нас барсан байна. Яаж ингэж өндөр насалж байна вэ гэж асуусан хүмүүст Анна Монти гуай “өдөр бүр ганц хундлага граппа” /усан үзлийн архи/ татчихдаг гэж үнэн голоосоо хэлж байжээ.

Аргентинчууд аз жаргалтай
БУЭНОС-АЙРЕС. Социологийн сүүлчийн судалгаанаас үзвэл, аргентинчуудын дийлэнх олонхи нь өөрсдийгөө маш аз жаргалтай хүмүүс гэж үзэж байна. Энэ орны оршин суугчдын 74 хувь нь амьдралдаа тун сэтгэл хангалуун байгаа ажээ. Аз жаргалын жор ямар байдаг юм бол? Энэ нь гайхалтай энгийн. Аз жаргал бол гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө сайхан харьцаатай байх явдал юм гэж аргентинчууд үзэж байна.

“Буран” музейн үзмэр болно
МАЙНЫН ФРАНКФУРТ. Хуучин зөвлөлтийн сансрын олон дахин ашигладаг “Буран” хөлөг Германы музейн үзмэр болохоор Рейн мөрнөөр цагт 12-16 километрийн хурдтайгаар сүүлчийн аяллаа хийж байна. Америкийн мөн ийм төрлийн хөлгийг бодвол сансарт баггүйгээр нисч чаддаг 36 метр урт, 17 метр өндөр, 105 тоннын жинтэй энэ асар том хөлгийг харан Европын энэ их мөрний хоёр эргээр олон хүн баяр хүргэн даллаж байна.

Мэргэлээд Ерөнхий сайдыг уурлуулжээ
БАНГКОК. Тавдугаар сард Таиландад улс төрийн хямрал болно гэж хэлсэн зурхайч Варин Буавиратлертын мэрэг төлөг тус оронд сүрхий дуулиан тарив. Энэ мэрэг вант улсын Ерөнхий сайд Самак Сунтараветын уурыг ихэд хүргэсэн байна. Засгийн газрын тэргүүн зурхайчийг хатуухан шүүмжилээд, түүнийг “буруу” мэрэг төлөг дэвшүүлсэн төдийгүй, танхимын нэр хүндийг унагаж, түүний тэргүүн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгажээ.

Leave a response

Your response:

Categories