Өнөөдөр нээгдсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Румыны хууль тогтоох дээд байгууллагын байшин - 1984-1989 онд дарангуйлагч Чаушескугийн тушаалаар барьсан парламентын ордонд болж байна.
Нийслэлийн дундах толгойд байдаг энэ нүсэр том барилга Европт хамгийн томд, харин дэлхийд хоёрт тооцогддог бөгөөд өрөө, тасалгааны хэмжээгээр Пентагоны дараа л ордог байна. Энэ байшингийн нийт талбай нь 330 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд энд туслах чанарын өрөө тасалгааг эс тооцвол нэг мянга гаруй танхим байдаг ажээ.
Чаушеску энэ барилгыг “Ард түмний ордон” гэж нэрлээд, энд Румыны парламент, засгийн газар, төрийн бусад албан байгууллагыг оруулах гэж байсан байна. Түүний өрөөний талбай гэхэд л 1000 орчим хавтгай дөрвөлжин метр бөгөөд харин тэр энд орж амжаагүй ажээ. Байшин 8-12 хүртэл давхар барилгын дайтай юм. Үүнээс гадна 90 метрийн гүнд дөрвөн түвшингийн өрөө тасалгаа, тухайлбал 20 килотоннын хүчин чадалтай атомын бөмбөгийн дэлбэрэлтийг дааж чадах хоргодох байр байдаг байна.
Чаушеску “Ард түмний ордныг” барьж, дотоод засал чимэглэлийг хийхэд зөвхөн эх орны материал, тухайлбал гантиг, болор, шил, хивс, хананы хивс, арьс хэрэглэхийг тушаажээ. “Зууны барилгыг барихад” маш олон мэргэжлийн ажилчин, мэргэжилтэн төдийгүй, хоригдлууд оролцсон байна. Чаушеску ордныг барихад барагцаалвал нэг тэрбум доллар зарцуулсан гэсэн мэдээ байдаг ажээ.
Байшин тансаг байдлаараа гайхал төрүүлдэг бөгөөд өндөр адарт чийдэнгийн болор бүрхүүлүүд гялалзаж, шатны хашлагыг гантиг, алтадсан үнэт модоор хийсэн байна. Ордны гудам, танхимуудад жинхэнэ арьсаар бүрсэн нүсэр том буйдангууд тавьжээ. ХIХ-ХХ зууны Румыны нэрт зураачдын зурсан зургуудыг хананд өлгөсөн байна. Ордны хамгийн том танхим болох 16 метр өндөр, 2,2 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Нэгдсэн танхимын таазанд чийдэнгийн 3 тоннын жинтэй асар том болор бүрхүүл дүүжилж, 7000 ширхэг чийдэн хийжээ.
Чаушескугийн дэглэм унасны дараа коммунизмын үеийн бэлгэдэл болж байсан энэ ордныг дэлбэлэх тухай санаа бодол Румыны нийгэмд гарсан юм. Гэвч дараа нь хуучин “Ард түмний ордныг” тус орны хууль тогтоох дээд байгууллага - парламентын ажиллах байнгын газар болгох нь зүйтэй гэсэн санаа бодол давамгайлсан байна.
SE: Чаушеску зайлуул уул нь улсийнхаа өрийг төлөх гэж гүйсээр байгаад ард түмэнээ өлсөглөнд оруулчихсан юм гэсэн. Өр ширийн асуудалаа манайхан шиг жаахан хүлээзэнсэн бол өдийд амьд байх юм билүү тээ.